Acrobat Reader 6.0
 

PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ

 
 
 
 


 

 


Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр

Эрхлэгч
Лхvндэвийн СЭНГЭЭ


 

 
 
Мэндчилгээ

Улс эх орныхоо хөгжил дэвшлийн үйлсэд цаг наргүй хөдөлмөр, санаачилга зүтгэлээ дүүрэн зориулж яваа төмөр замчид Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
Та бүхний минь нөр их хөдөлмөрийн үр дүнд “Ажлын чанар үр ашгийг дээшлүүлэх жил”-2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 17.2 сая тонн ачаа ачиж,18.1 сая тонн ачаа, 3.8 сая зорчигч тээвэрлэн шинэ дээд амжилтуудыг тогтоож байна. Энэ нь төмөр замын тээх, нэвтрүүлэх, ачаа боловсруулах хүчин чадлыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарч шинэ серийн зүтгүүр, ачааны вагоноор паркаа шинэчлэн, хөрөнгө оруулалт, арвилан хэмнэлтийн шат дараалсан арга хэмжээ боловсруулан, хэрэгжүүлсний үр дүн билээ. Төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг зохистой шийдвэрлэх зорилгоор орон сууцжуулах болон эрүүл мэндийг сахин бэхжүүлэх цогц хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлсний үр дүнд энэ онд 769 төмөр замчин өрх шинэ орон сууцны түлхүүр гардаж, Төв эмнэлгийн эмчилгээний материаллаг бааз бэхжин, эмчилэх боловсон хүчний мэдлэг чадвар дээшилж байна.
Та бидний хийж бүтээсэн бүхнийг гадаад ертөнц, мэргэжил нэгт хөршүүд маань ч анхааралтай харж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Үүний нэг тод илрэл нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфорд хотод төвтэй Европын бизнес зөвлөлөөс УБТЗ-ыг оны төмөр замын шилдэг байгууллагаар шалгаруулж, Парист төвтэй Олон улсын төмөр замчдын холбоо гишүүнээрээ элсүүлсэн явдал юм. Бид УБТЗ-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны арга хэлбэрийг цогцоор нь шинэчлэх хөтөлбөр боловсруулан Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгийг аваад байгаа. Техникийн шинэчлэлийн хөтөлбөр ч боловсрогдож байна.
Энэ бүх өргөн цар хүрээтэй зорилт нь төмөр замчид Та бүхний идэвхтэй оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжих нь ойлгомжтой билээ. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж бүтэн жарныг туулж ирсэн манай яруу алдарт төр замчдад маргаашийг цогцлоон байгуулах сэтгэл, зүтгэл дүүрэн бий гэдэгт би гүнээ итгэж байна. Бид өмнөө тавигдаж буй зорилтыг өндөр зохион байгуулалт, чанд сахилгаар хэрэгжүүлэх учиртай. Замын захиргаа энэ шаардлагыг үндэс болгон ирж буй 2012 оныг “Ажлын байр бүрт хөдөлмөр, технологийн сахилгыг бэхжүүлэх жил” болгох зорилтыг дэвшүүлэхээр шийдвэрлэж байна. Төмөр замчин бүрийн шаргуу зүтгэлийн үр дүнд энэ зорилт ажил хэрэг болно.
Түмэн олноороо цэнгэн баярлаж буй энэ цаг мөчид олон мянган төмөр замчид Та бүхэндээ болон халуун ам бүлийнхэнд тань, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, нийт үйлчлүүлэгчиддээ шинэ ондоо эрч хүч дүүрэн, амжилт бүтээл арвин байж, айл хотлоороо аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.!

УБТЗ-ЫН ДАРГА Т.ОЧИРХҮҮ

Айлчлан ирж буй 2012 оны шинэ жилийн баярын мэндийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын хамт олны нэрийн өмнөөс нийт ган замчид Та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилье.
Ирж буй шинэ он төмөр замчид Та бидний хувьд ажил хөдөлмөрийн арвин ургацтай, амжилт бүтээлийн од хийморьтой он байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилээ золбоо баяр, эрч хүч, ажлын амжилтаар дүүрэн угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье!

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА
Т.БАТБОЛД

Эрхэм хүндэт мэргэжил нэгт төмөр замчид аа!
Улиран одож буй хуучин он маань бидний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан, арвин их ололт амжилтын жил байлаа.
Халуун ам бүлээрээ 2012 оноо хамтдаа угтаж байгаа Улаанбаатар төмөр замын нийт ган замчид Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс тань өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөл өргөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
Шинэ 2012 ондоо Та бүхний маань хүсэл мөрөөдөл ариун сайхан санаа сэдэл бүхэн сэтгэлчилэн бүтэх болтугай!

«УБТЗ» ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга

ДОМБРОВСКИЙ И.А.

Улаанбаатар төмөр замын олон мянган төмөр замчид, хамт олонд чин сэтгэлийн шинэ жилийн баярын халуун мэндчилгээ дэвшүүльө.
Та бүхний амьдралын эгэл бус, хурц тод бас нэгэн жил улиран одож байна. Улаанбаатар төмөр замын түүхэнд энэ он улс орны тээврийн амин чухал салбарын эрчимтэй хөгжлийн жил болон үлдэж байна. Тээвэр ихэсч дэд бүтэц хөгжиж, ашиглалтын үзүүлэлтүүд төлөвлөгөөнөөс давж, Монгол Улсын хамгийн олон ажилтан албан хаагчтай компаний ажилчдын цалин хөлс нэмэгдлээ. Улам бэхжин батжиж байгаа манай хоёр замын харилцаа, Улаанбаатар төмөр зам, Красноярскийн төмөр замуудын харилцааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Ирж байгаа он Монголын ган замын амьдралд улам илүү үр өгөөжтэй жил болно гэдэгт найдаж байна. Шинэ он таны болон танай хамт олон, ойр дотныхны хамгийн эрхэм хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөт зорилтын биөлэлтийн жил байх болтугай!
Хуанлийн эхний хуудастай хамт Та бүхний амьдралд амжилт, аз жаргал, үр өгөөжтэй бүтээлч хөдөлмөрийн жил ирж, ирээдүй тань тогтвортой, энх амгалан, аз хийморьтой байхын өрөөл дэвшүүльө!
Красноярскийн төмөр замын дарга. В.Г.РЕЙНГАРДТ Замын Үйлдвэрчний холбооны дарга. Ю.Н.КАЛИНИН Ахмадын зөвлөлийн дарга. А.Ф.ЛЫЧКОВСКИЙ


Мэдээ мэдээлэл
Ч.Ганбаатар: Ялагч болсныхоо маргааш ч бүрэн итгэхгүй жингүйдсэн юм шиг байсан
“Ган үзэг-2011” яруу найргийн наадам
ТҮҮЧЭЭ: Дутуугаа гүйцээх цаг дор
ӨВЛИЙН улирлын суудлын галт тэрэгний хуваарь
Дохиолол холбооны хоёрдугаар анги дулааны шугамаа засуулж байна
Г.Сэрээнэндорж: УЛСЫН УРД ХИЛЭЭС ХОС ЗАМ ТАВИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН ЖИЛ БОЛЛОО
 

Шинэ оны босгон дээр УБТЗ-ын өнөөгийн ажил үйлс болоод хэтийн төлөвийн талаар Замын Ерөнхий инженер Г.Сэрээнэндоржтой ярилцлаа.
- Юуны өмнө, Танд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсанд тань “Ган зам” сонины уншигчдын өмнөөс баяр хүргэе!

-“Алтан гадас” одонг эрхэмсэг, сүрлэг төрийн ордонд гардан авсандаа баяртай байсан. Та бүхэндээ баярлалаа.
-Шинэ он төмөр замчдад өмнөх жилүүдээс илүү онцлог жил гарна байх. Хамгийн наад зах нь, УБТЗ-д техникийн шинэчилэл модернизаци хийгдэнэ. Бүтцийн реформын тухай эрэл хайгуул ч хийгдэж байна.

-Тиймээ, ажлын хэсэг ажиллаж байгаа. Зарим нэг аж ахуйг тусад нь охин компани болгож гаргах, улсад өгөх гээд ажил явж байгаа. Харин надаар удирдуулсан төмөр замын залуу инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бид УБТЗ-ын техникийн шинэчлэл, модернизацийн юуг нь хэрхэн хэрэгжүүлэх, юунд анхаарах вэ? гэдэг дээр төвлөрч ажиллаж байгаа.


Техникийн өнөөгийн байдалд үнэлэлт, шинжилгээ хийгээд дараа нь өндөр технологитой АНУ, Европ, Японы, хоёрдугаарт Хятад болон Азийн хөгжиж байгаа орнууд, гуравдугаарт Оросын төмөр замын техник, тоног төхөөрөмж технологийг судалж, судалсан тайландаа үндэслэн УБТЗ-д техник тоног төхөөрөмж, технологийг аль улсаас авах, ямар пүүс компанийхыг манайд нэвтрүүлэхэд үр ашигтай вэ? гэдгийг тодорхойлсон. Дэлгэрэнгүй
Ногоон үзэл баримтлал
 

Төмөр замууд дээр хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлыг хүчжүүлнэ.
ОАО “РЖД” /”Оросын төмөр замууд”/ -ын Шинжлэх ухаан-техникийн зөвлөлийн хэсгийн хуралдаан дээр салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд компаний байгаль хамгаалах үйл ажиллагааны хөгжлийн үзэл баримтлалын талаар хэлэлцсэн байна.
ОАО “РЖД”-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Валентин Гапановичийн хэлснээр хоёр жилийн өмнө гаргасан 2030 он хүртэл хэтийн төлөвт Холдингийн Экологийн стратегийг хөгжүүлэх шинэ бичиг баримтыг боловсруулсан.
Тэр бичиг баримтын гол зорилго бол компаний зохион байгуулалтын хөгжил болон салбарын бүтцийн өөрчлөн шинэчлэлтийн нөхцөлд байгаль хамгаалах үйл ажиллагааг тохиромжтой удирдлагаар хангах явдал юм. Үүнээс гадна үзэл баримтлалд одоо үйлчилж байгаа болон өөрчлөхөөр төлөвлөж байгаа хүрээлэн буй орчныг хамгаалах хууль эрх зүйн орчинг тусгаж өгсөн. Жишээ нь, ирэх онд байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн нөхцөлд гурав дахин их төлбөр , 2014 онд ажилласан хийгээр агаарыг бохирдуулсан бол торгуулийг зургаа дахин нэмэхээр болсон байна.


Мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлтээр хэрвээ компани шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таван жилийн дараа гэхэд компанийн экологийн төлбөр жилд 2.6 тэрбум рубльд хүрнэ. ОАО “РЖД”-ийн экологийн хяналт болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын удирдлагын дарга Виктор Черкасовын хэлснээр салбарын хувьд байгальд үзүүлэх техник, технологийн хор нөлөөлөл тогтмол буурч байгаа юм . Энэ онд гэхэд тусгайлсан үйлдвэрүүд дээр антисептикаар дөрвөн сая хуучин дэр модыг устгасан байна. Ингэснээр агаарт ялгарах хорт бодисын хэмжээ тав, харин үйлдвэрийн бохир ус найман хувиар багассан. Хөдлөх бүрэлдэхүүнийг илүү экологийн түлшинд шилжүүлж эхлээд байна. Байгаль орчны үнэлгээ хяналтыг 57 суурин лаборатори, 10 вагон-лаборатори болон 50 илүү автомашин-лабораториор тогтмол хийж байна. Компаний хувьд хаягдлын хэмжээг ОХУ-ын нийт үйлдвэрлэлийн хаягдлын нэг хувиас хэтрүүлэхгүй байх зорилготой боловч энэ үзүүлэлтийг дахин бууруулахаар төлөвлөж байна.
ОАО “РЖД” нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хорт бодисын хэмжээг 2015 он гэхэд одоо байгаа байдлаас 35, 2030 он гэхэд 70 хувь тус тус бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ үзэл баримтлал нь энэхүү зорилтыг хангахад туслах юм. Төслийг боловсруулсан “МКД Партнёр” пүүсийн төлөөлөгч Константин Пахомов энэхүү баримт бичиг нь тус компаний байгаль хамгаалах үйл ажиллагааны удирдлагын одоо байгаа системийг хамгийн бага өөрчлөлттэй байхаар бодож боловсруулсан гэж мэдэгдсэн байна. Ингэснээр олон зохион байгуулалтын арга хэмжээнээс сонголт хийх ажлыг хариуцсан экологийн хөрөнгө оруулалтын төслийн захиалагч-гэсэн шинэ бүтцийн хэсэг бий болж байгаа юм. Ярославль болон Иркутск хотуудад хүрээлэн байгаа орчныг хамгаалах шинжлэх ухаан –үйлдвэрлэлийн төвийг нээхээр төлөвлөж байна.
Байгаль хамгаалах үйл ажиллагааны үр ашигтай түлхүүр үзүүлэлтийн зориулалтаар байгууллагууд дээр агаарт ялгарч буй хорт бодисын хэмжээний бууралтын процент болон усны нөөцийн хэрэглээг бууруулах процентуудыг ашиглана. Үзэл баримтлалыг боловсруулж дууссны дараа хэлэлцүүлгийн явцад гарах санамж саналуудыг тусгаж, компаний ерөнхийлөгчөөр батлуулах юм байна.

Комиссын үзлэгийн явц сайн байна

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүтгүүрийн паркад 153 илчит тэрэг данстай. Үүнээс 30 нь сэлгээний, 14 нь аж ахуйн зориулалтынх. Ачаа болон зорчигч тээвэрт 50 гаруй зүтгүүр явж байна. Зүтгүүрийн намрын комиссын үзлэг ямар түвшинд явааг Улаанбаатар зүтгүүрийн депогийн засвар эрхэлсэн орлогч дарга И.Сайнбаатараас тодруулахад:

-Илчит тэргийг өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэг төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Өнөө жил өвлийн тээврийн уламжлалт энэ ажлыг 60 хоногт багтааж, 58 илчит тэргэнд хийх зорилттой байна. Үүн дээр Сайншандын болон Дархан татах хэсгийн ТР-1 төлөвлөгөөт засварт байгаа 10 зүтгүүрийг нэмж засварт оруулна. Одоогоор 32 илчит тэрэг засвараас гараад байна гэлээ.

 


Дашрамд өгүүлэхэд, Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төмөр замын бодлогын дэд зөвлөлийн ээлжит хэлэлцүүлгээр “Төмөр замын зүтгүүрийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого”-ыг хэлэлцсэн тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн. Хэлэлцүүлгээр ярилцсан асуудалтай холбогдуулан, олон ургальч үзлийн үүднээс мэргэжлийн инженерүүд манай сонинд өөрийн санал бодлоо бичиж ирүүлсний заримаас нь нийтэлж байна.Дэлгэрэнгүй
Шинэ оноос шинэ журам мөрдөнө

Замын хэмжээнд мөрдөгдөж байгаа шагнал урамшууллын журмыг Хүний нөөцийн хэлтсээс шинэчилэн боловсруулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх гэж байна. Уг журам ийнхүү шинэчлэгдсэнээр шагналын мөнгөн дүнг өсгөнө.Харин шалгуурыг чанаржуулж, энэ нь, шагнал хавтгайрах байдлыг цэгцэлнэ хэмээн үзжээ. Мөн Удирдлагын академитай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтад ИТА-нуудыг хамруулах ажлыг сэргээсэн байна. Тухайлбал, саяхан салбар нэгжүүдийн хүний нөөцийн шинээр томилогдсон ажилтнуудыг гурван өдрийн сургалтад хамруулсан бол шинэ онд аж ахуйн нэгжийн удирдах ажилтнуудыг “Байгууллагын соёл, менежментийн орчин үеийн арга барил” сэдвээр суралцуулахаар төлөвлөж байна хэмээн мэдээллээ.

Барилгачид мэргэжлийн уралдаанд

Улс тунхагласны 87 жилийн ойн баярыг угтаж Барилга засвар, үйлдвэр үйлчилгээний ангийн захиргаа Зүүнхараа зангилаанд баригдаж буй 70 айлын орон сууцны барилга дээр богино хэлбэрийн ажил мэргэжлийн уралдаан зохион байгууллаа. Барилгын мастер А.Энхтайван, Д.Түмэндэлгэр нарын ахалсан 60 гаруй барил­­гачид гурван өдрийн турш мэргэжлийн ур чадвараа сорьсон энэ уралдааны үеэр 238 ам. метр ханын шавардлага хийж, 94 шоометр өрлөг гүйцэтгэснээс С.Хүрэлчулуун ахлагчтай өрөгч, угсрагчид, Д.Цагаан ахлагчтай шавар будгийн хэсэг, М.Амарцогт ахлагчтай фасадын засал чимэглэгчид тэргүүн байрт шалгарчээ. Ийнхүү уг орон сууцны барилгыг 2011 оноос өмнө ашиглалтад өгөхөөр барилгачид шамдаж байна.

Ахмадууд санаачлагаараа барилга дээр ажиллажээ

Ахмадын байгууллага үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд БОС-ны хоёрдугаар ангийн /хуучин нэрээр/ ахмадууд Улаанбаатар орон сууц ашиглалтын төвийн контор байрлах дан барилга дээр өөрсдийн санаачлагаар гадна фасадны засварыг хийсэн байна. Засварын ажилд ахмад мастер Р.Цэрэндашийн удирдлага дор Г.Эрдэнэчимэг, Ё.Волоож, Д.Базар, Д.Дээхүү, Х.Бүдрагчаа, Б.Өлзийннэмэх, Б.Энхтуяа, Д.Батцэрэн, Р.Рэнцэндорж, А.Дашцэдэн, Д.Равжир, Баттулга нар ажиллалаа.


 
 
 
 
 
 
Энэ дугаарыг PDF хэлбэрээр нь татаж авах уу.