|
| |
PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ
|
|
|
 |
| |
| |
|
|
|
| |
Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр
Эрхлэгч
Лхvндэвийн
СЭНГЭЭ
|
|
|
|
|
| |
| |
|
Хөдөлмөр бүтээл ундарсан төв засварын үйлдвэр |
 |
Саяхны нэг өдөр сэтгүүлч бибээр Төв засварын үйлдвэрийг зорьсон юм. Өмнө нь, тус үйлдвэрээр Замын даргын үзлэгийн үеэр л орж байсан болохоор үнэндээ үйлдвэрлэлийнх онцлог, өдөр тутмынх нь үйл ажиллагааг төсөөлөхөөс хэтрэхгүй байснаа сурвалжлагынхаа эхэнд хэлэх хэрэгтэй байхаа.
Юуны түрүүнд тус үйлдвэрийн дарга Х.Пүрэвсүрэнтэй уулзаж, хэрэг зоригоо хэлэхэд:-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сурвалжлах гэж байгаа бол эхлээд үйлдвэрийн цех,
|
тасгуудаар орж, бидний ажлыг нүдээр үзсэн нь дээр. Дараа нь асууж лавлах зүйл байвал уулзаарай хэмээгээд технологи инженер М.Бат-Эрдэнэ, сургалт, хөдөлмөр хамгаалал хариуцсан инженер Л.Эрдэнэбаатар нарыг “газарчлуулахаар” томилов.
Ингээд үйлдвэрийн цех тасгуудаар орлоо. Үдийн цайны цагаар оччихсон болохоор үйлдвэрийн цех тасгууд нам гүмхэн, ажилчид цайлж, суурь машинууд түр амсхийж буй бололтой. Үнэндээ, энэ завшааныг ашиглан, хоёр инженерээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цех тасгуудын ажлын онцлог гээд олон зүйлийг тодруулж амжсан юм.
Тус үйлдвэрийнхэн оны эхний долоон сард нэг тэрбум 350 сая төгрөгийн үйлдвэрлэл борлуулалт хийж, 40 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Гэхдээ тус үйлдвэрийнхэн төмөр замын аж ахуйн нэгжүүдийн захиалгат ажлаас ашиг –“хардаггүй” гэнэ. Харин гадны байгууллага, компани, хувь хүмүүсийн захиалгат ажлаас дээрх 40 саяын ашиг олжээ. Тус үйлдвэр төмөр замын аж ахуйн нэгжүүдийн захиалгаар төрөл бүрийн машин, механизм, тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн засварлахаас гадна шинээр үйлдвэрлэж байна. Үнэнийг хэлэхэд, төмөр замын салбар нэгжүүдэд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирч заримынх нь ашиглалтын хугацаа дууссан байдаг болохоор тэдний ажил ер дундардаггүй бололтой юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л манай сониныг хэвлэдэг ПОЛ-54 машин ОХУ-д үйлдвэрлэгдэхээ аль эрт больсон. Дээр нь, манай улсад тухайн үедээ дөрөвхөн орж ирсэн гэдэг. Тиймээс одоо түүний “хамаатан”-ууд Монголд үлдээгүй болохоор запас, сэлбэг олдоно гэж горьдолтгүй. Тиймээс манай машин үе үе эвдэрч биднийг сандаргана. Тэр бүрийд тус үйлдвэрийнхэн аминд ордог юм. Хэвлэлийн машины эвдэрсэн эд ангиудыг тэд эвлүүлэхийг нь эвлүүлж, шинэчилэхийг нь шинэчилсээр гаршиж байгаа гэхэд болно доо. Энэ мэт “зовлон” бусад байгууллагуудад ч түгээмэл байдаг биз ээ.
Төдөлгүй үдийн завсарлага дуусч, ажилчид ажлын байраа эзэлж, суурь машинууд нүргэлж, ажил эхэллээ.
Механик цехээр эхлээд орлоо. Б.Амгалантуул мастертай Механик цехийн хамт олон энэ оны эхний хагас жилийнхээ ажлын үзүүлэлтээр Замын хөдөлмөрийн уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ. Тус цехийн шижигнэсэн залуус оны эхний долоон сард 380-аад нэр төрлийн бүтээгдэхүүн сэргээн засварласан төдийгүй шинээр үйлдвэрлэж, нийт 124 сая төгрөгийн үйлдвэрлэл, борлуулалт хийсэн байна. Тэд ч ёстой хүссэн бүгдийг төмрөөр урладаг юм билээ. Тус цехэд 1000мм хүртэл диаметртэй, 4000 мм хүртэл урттай янз бүрийн эд ангиудад токарийн боловсруулалт, өндөр нарийвчлалтай өнгөлгөө хийдэг юм билээ. Тухайлбал, тус цехэд бүх л авто машины моторын тахир голыг өнгөлдөг гэнэ. Хүн бүр л машинтай болсон өнөө үед уг үйлчилгээ нүдээ олсон ажил бололтой. Энэ оны эхний долоон сард л гэхэд 200-гаад авто машины тахир голыг өнгөлсөн тооцоо гарчээ. Харин Сэргээн засах цехэд Швейцарь технологиор ган дээр ган, зэс, боронз, хөнгөн цагаан, гууль, хуванцраар өнгөлгөө хийж хөдлөх бүрэлдэхүүний эд ангиудыг сэргээн засварладаг байна. Монголд энэ технологийг нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэр эднийх гэнэ. Ер нь, Монголд ганцхан зүйл эднийд үүгээр дуусахгүй бололтой юм билээ. Тус үйлдвэрийн Хүчилтөрөгчийн цех гэхэд л хоногт 250-260 баллон, 99.9 хувийн цэвэршилттэй “оригиналь” хүчилтөрөгч үйлдвэрлэдгээр улсын хэмжээний “ганц”-д тооцогддог. Энэ нь төмөр замынхаа хэрэгцээнээс гадна манай улсын томоохон эмнэлгүүдийг ч өлхөн хангадаг. Тухайлбал, Цэргийн болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Халдвартын эмнэлэг, 1, 2, 3 дугаар төрөх, Улсын нэгдүгээр клиник, хувийн эмнэлгүүд хүчилтөрөгчөө эндээс байнга хангадаг ажээ. Мөн “Дархан геомарш”, Шарын голын уурхай, “Монгол газар” ХХК, “Оюу толгой” гээд газрын хол гэлгүй эднийхийг зорих хэрэглэгчдийн жагсаалт овоо урт гарах төлөвтэй. Саяхныг болтол Монгол улсад хүчилтөрөгч үйлдвэрлэдэг ганцхан газар байсан аж. Сүүлийн үед Хятадын тоног төхөөрөмжтэй хувийн ганц нэг компани хүчилтөрөгч үйлдвэрлэдэг ч, эдний хүчилтөрөгч цэвэршүүлэлтийн чанар, хямд үнээрээ бусдаас ялгардаг ажээ. Намайг тус үйлдвэрт хэдхэн цаг саатахад л хүчилтөрөгч авах машинууд дугаарлачихсан харагдсан. Мөн азотыг шингэн болон хийн хэлбэрээр үйлдвэрлэн гаргадаг юм байна. Шингэн азотыг нь Хүнс хөдөө аж ахуйн яам, мал эмнэлгүүд хэрэглэдэг бол Улаанбаатар хотын бүх авто засварын газруудыг хийн азотоор хангадаг гэлээ. 12 ажилтантай энэ цех жинхэнэ эрэлттэй “брэнд” үйлдвэрлэдэг гэхэд болно. Тус цехээр ороход цэвэр цэмцгэр, цомхон юм билээ. Хүн эмнэлгийн чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар ийм ч байлгүй яахав. Гэхдээ энэ цех онцгой объект гэнэ. Хэрэв энд хөдөлмөр хамгааллын ямар нэгэн осол гарвал ойр орчмын 500 метрт “юу ч үлдээхгүй” аюултай . Тиймээс гаднаас хүчилтөрөгч авахаар ирж буй машинуудад хүчилтөрөгчийг тээж тээвэрлэх санамж өгч, жолооч нараас гарын үсэг авдаг юм байна.
Миний орсон дараагийн ”онцгой” газар бол Хайлах цех.
Хайлах цех нь нэг өдөр хэвээ бэлдэж, маргааш нь цутгалтаа хийдэг аж. Намайг очсон өдөр цутгалт хийж таарсан юм. Төсөөлж хэлэхэд, галт уулын халуун лав шиг мэлтэлзсэн улаан галыг бэлдсэн хэвэндээ цутгаж байхыг харах үнэхээр гайхмаар, бас сүрдмээр санагдсаныг нуух юун. Энд эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч, нэг л бахархмаар хүмүүс харагдсан шүү.
Тус үйлдвэрийн Төмрийн цехэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардах даралтат сав, ган хоолой үйлдвэрлэдэг. Намайг очиход Барилгын засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн ангийн захиалгаар халаалтын тогоо нэгийг хийгээд дуусч байлаа. Замын даргын улирлын үзлэгээр тус үйлдвэрт дахин есөн халаалтын тогоо хийлгэхээр шийдвэрлэсэн гэнэ. Харин тэдний хийсэн тогооны үнэ зах зээлийн дунджаас хэт өндөр байгаа тухай СОЧ-ынхон ярьж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.
Уурын зуухны халаалтын тогоо, даралтад сав зэргийг захын гагнуурчин хийчихдэггүй аж. Мэргэжлийн өндөр ур чадвартай гагнуурчид гүйцэтгэдэг байна. Тус үйлдвэрт эдгээр ажилтнуудаа “хариуцлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажилтан” гэдэг. Тэд өөрсдийн гараас гарсан бүтээгдэхүүнд хувийн дугаараа заавал тавьдаг ажээ. Энэ нь нэг талаар бүтээгдэхүүндээ өгч байгаа чанарын баталгаа төдийгүй тухайн хүнээс хариуцлага нэхэж буйн баталгаа.Тэдний гараас гарсан бүтээгдэхүүнд ямар нэгэн “но” илэрч буцаж байсан түүх байхгүй хэмээн тус үйлдвэрийн технологич инженер М.Бат-Эрдэнэ ам бардам хэлж байна билээ. Эднийд хариуцлагатай ажилтан гэхээр ганц гагнуурчин ч биш, хэвчин хайлагч, тросс сүлжигч, баллон засварчин гээд олон мэргэжилтнүүд байдаг ажээ.
Чанар гэснээс, тус үйлдвэр энэ жилийн эхнээс орон тооны чанарын инженертэй болжээ. Уг инженер үйлдвэрээс гарч байгаа бүх бүтээгдэхүүний чанарт хяналт тавьдаг аж.
Нүүр хуудас Дээшээ
|
|
Аж ахуйн цех |
Аж ахуйн цехэд 0-75 КВт-ийн хүчин чадалтай тогтмол болон хувьсах гүйдлийн мотор ороодог ажээ. Материал нь л байвал тус цехэд ямар ч моторыг ороочихно гэж байв. Биднийг эл цехэд мотор ороогч Д.Алтантуяа, шавь Б.Амаржаргал нар угтсан юм. Д.Алтантуяа тус үйлдвэрт олон жил ажилласан хашир туршлагатай ажилтнуудын нэг. Тиймээс ч шавь дагалдуулж өөрийн мэддэг чаддаг бүхнийг өвлүүлж байгаа нь энэ.
|
|

|
Ер нь, тус үйлдвэрт шинээр ажилд орж байгаа залуусыг хашир туршлагатай ажилтнуудтай гурван сарын хугацаатай багш шавийн гэрээтэй ажиллуулдаг уламжлалтай аж. Хэрэв гурван сарын дараа шавь мэргэжлийн шалгалтаа амжилттай өгвөл мэргэжлийн зэрэг ахиж, харин багш нь шагнал хүртдэг журамтай. Энэ ч бас санаа авууштай л туршлага санагдсан шүү. Ер нь тус үйлдвэрт бусад байгууллагуудад санаа авмаар олон зүйл ажиглагдлаа. Төв засварын үйлдвэрийн хамт олон сүүлийн таван жилд хөдөлмөр хамгааллын осол, гологдолгүй, түүнээс сүүлийн гурван жилд мэргэжлээс шалтгаалах өвчлөлгүй ажиллаж байгааг үйлдвэрийн сургалт, хөдөлмөр хамгаалал хариуцсан инженер Л.Эрдэнэбаатар танилцууллаа. Олон төрлийн эрсдэлтэй үйлдвэрлэл явуулдаг энэ газарт ийм амжилтыг тогтвортой хадгалж байгаагийн нууцыг сонирхсон юм. Нууц нь тун энгийн. Ажилтан бүр хөдөлмөр хамгааллын талонтой. Яагаав, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчивөл цоолуулдаг талон саяхныг хүртэл байсан шүү дээ. Тэдний хөдөлмөр хамгааллын талон яг л иймэрхүү зарчмаар ашиглагдана. Хэрэв ажилтан талоноо эхний удаа цоолуулсан бол сарын үр дүнгийн шагналын таван хувь, хоёр дахь удаагаа бол 10, гурав дахь удаагаа бол 100 хувь хасуулаад, дээр нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шалгалт өгч байж шинээр талон авдаг байна. Хэрэв ХХ-ын талоноо цоолуулаад түүнээс хойш бүтэн жил дахин зөрчил гаргаагүй бол тухайн ажилтанд шинэ талон олгох журамтай аж. Энэ үнэхээр үр дүнд хүрч байгаа ажил бололтой.
Дээр нь, тус хамт олон 2010 оныг Замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах жил болгосонтой холбогдуулан цех тасаг бүр зорилгоо тодорхойлж, уриа гарган, ажиллаж байна. Үйлдвэрийн цех тасгуудаар орж явахад би хөдөлмөр хамгааллын хувцсаа өмсөөгүй нэг ч ажилтантай таараагүйгээ энд зориуд дурьдмаар байна. Ажилтан ажлын хувцас, хамгаалах хэрэгслээ бүрэн өмсөөгүй нөхцөлд машины ард зогсох эрхгүй байдаг юм билээ. Үүнд цехийн мастер, инженерүүд нь байнга хяналт тавьж ажиллаж харагдсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын гол үндэс нь технологийг чанд мөрдөх. Үүнийг ч тус үйлдвэрийнхэн онцолж байсан юм. Технологи мөрдөж ажилласнаар үйлдвэрлэлийн осол зөрчлөөс ангид байхын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар доголдохгүй байх бас нэг үндэс болдог аж.
Үйлдвэрийн өдөр тутмын ажил үйлсээс эрхэм уншигчидадаа сонирхуулахад ийм байна. Харин Төв засварын үйлдвэрийнхний амжилт бүтээл, шинэ санаачилгаас зарим зүйлийг тодруулъя. Энэ жил тус үйлдвэрийнхэн “Мишээл экспо”-д болсон Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнгээс элс цэвэрлэгч ЭЦМ-02 машинаараа шилдэг бүтээгдэхүүний “Гран при” хүртсэн билээ. Энэ үйлдвэрийнхэн шинийг санаачилж сэдэж байдаг хүмүүс. Тэд энэ жил л гэхэд 361 дүгээр гарам дээр шинээр сууриллуулсан гармын автомат хориглолыг урласан байна. Ийм хориглолыг хойд хөршөөс худалдаж авсан бол чамгүй мөнгө зарах нь тодорхой. Мөн зам төмрийн өрөм хийж Замын нэг болон зургадугаар ангиудад нийлүүлсэн нь амжилттай ажиллаж байгаа ажээ. Зөөврийн уг өрөм нь рельс төмрийг газар дээр нь нүхлээд угсрахад бэлэн болгодог учраас хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаанаас эхлээд тээврийн зардал хэмнэсэн онцлогтой бүтээл болсон байна. Мөн Чулуун заводынханд зөөврийн ажлын байр урлаж өгчээ. 20 тоннын чингэлэг ашиглан хийсэн энэ байр нь дотроо сандал ширээ, хувцасны шүүгээ хүртэл суурилуулж тохижуулсны дээр халаалттай учраас өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтой болсон гэнэ. Өвөл нь чарган дээр суурилуулаад чирээд явчихна, зун нь өргөөд зөөчихнө.Түүнчилэн манайд уулзваргүй зам төмөр тавигдсантай холбогдуулан уг замын хүчдэл тохируулах ролик шинээр хийжээ. Тэдний ажлын зах зухаас нь сонирхоход ийм байлаа.
Мэдээж, энэ бүхний цаана маш их хөдөлмөр зүтгэл, хөлс хүч, эдийн засгийн ашиг байгаа гэдэг нь ойлгомжтой. Хамгийн ойрын ганцхан жишээ дурьдая л даа. Төв засварын үйлдвэрийн хамт олон энэ жил ачааны вагоны үрэлтийн шаантаг шинээр үйлдвэрлэж, Зүүнхараагийн вагон депод нийлүүлэх болжээ. Өмнө нь, ОХУ-аас худалдаж авдаг байсан энэ бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэх болсноор ганц ширхэг шаантагаас 33 мянган төгрөг хэмнэж байгаа ажээ. Зүүнхараагийн вагон депод жилдээ ойролцоогоор 1600 –гаад үрэлтийн шаантаг авдаг гээд бодохоод ганцхан бүтээгдэхүүнээс төмөр замд эдийн засгийн хэр хэмнэлт гарч байгааг тооцоход амархан байна. Тус үйлдвэр эхний ээлжинд Зүүнхараагийн вагон депод 384 үрэлтийн шаантаг хийж өгсөн нь хэрэглэгчдийг хангахуйц чанарын түвшинд хийгдсэн учраас захиалга тасрахгүй байгаа гэнэ. Тус үйлдвэрийнхний бүтээл зүтгэлийн дөнгөж дээжээс нь эрхэм уншигчиддаа хүргэлээ.
Нэгэнт өвөлжилтийн бэлтгэлийн үеэр очсон болохоор энэ талаар бас сонирхлоо. Үйлдвэрийн цех тасгуудынхаа урсгал засварыг хийхэд бусдын гар хардаггүй. Энэ жил л гэхэд Хайлах цехийнхээ засварыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийсэн гэж байв. Конторын дулааны шугамын засвараа ч тэд мөн л өөрсдөө хийж байлаа. Удахгүй дуусна гэж танилцуулсан.
Хөдөлмөр бүтээл, ур ухаан ундарсан эл үйлдвэрээр зочилоход ийм байлаа.
. Нүүр хуудас Дээшээ
|
|
| |
|
|